Азийн пара наадамд Хятадын тамирчид дээд амжилтууд тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-10-25 17:15:17

ХАНЖӨҮ, 2023 оны аравдугаар сарын 25 /China Daily/. Хятадын Ханжөү хотноо болж буй Азийн пара наадмын хоёр дахь өдөр Хятадын тамирчид 80 алтан медалийн 36-г нь хүртэж, Азийн пара наадмын, Азийн, цаашлаад дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоожээ.


Тодруулбал, Хятадын тамирчин Вэнь Шиаоянь эмэгтэйчүүдийн уртын харайлтын Т37 ангилалд 5.45 метрийн амжилтаар, Сунь Пэншян эрэгтэйчүүдийн жад шидэлтийн F41 ангилалд 48.46 метрийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна.


Мөн Хятадын тамирчид усан сэлэлтийн төрөлд хэд хэдэн дээд амжилт тогтоолоо. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн S5 ангилалд Гуо Жинчен 2 минут 40.83 секундийн амжилтаар алтан медаль хүртэж, Жан Сяотун эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн S11 ангилалд 5 минут 4.48 секундийн амжилтаар түрүүлжээ. Тэд хоёул Азийн дээд амжилт, Азийн пара наадмын дээд амжилтыг эвдсэн юм.


Хүндийн өргөлтийн төрөлд Цуй Же, Чи Ёнкай, Вэй Илянь нар гурван алтан медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-ын төрөлд Зоу И эхний хоёр өргөлтдөө 206 кг, 212 кг-ыг хялбархан өргөж, гурав дахь удаахдаа 218 кг-ыг өргөснөөр Ази болон Азийн пара наадмын дээд амжилтыг эвджээ. Улмаар дөрөв дэх өргөлтөө 222 кг-ыг өргөж, алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Өнөөдрийн байдлаар, Хятадын баг тамирчид 90 алт, 70 мөнгө, 61 хүрэл медальтайгаар медалийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол Иран 19 алт, 24 мөнгө, 17 хүрэл, Япон 14 алт, 14 мөнгө, 24 хүрэл медальтайгаар удаалж байна. Эдгээр улсын араас Узбекистан, Тайланд, Энэтхэг, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Казахстан эхний 10 байрт жагсаж байна. Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

関連ニュース