ДАРХАН-УУЛ: Хөдөлмөрийн насныхан, залуучууд тархины цус харвалтад өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-30 16:41:45

Дархан, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр Дэлхийн харвалтын байгууллагаас (WSO) "Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн. 2006 оноос дэлхий нийтээр жил бүр нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уг өдрийг манай улс 2009 оноос хойш 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тэмдэглэх болсон шалтгаан нь тархины цус харвалтыг багасгах, иргэдэд энэ өвчний талаар зөв ойлголт мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэхэд анхаарч иржээ.




Тухайлбал Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт энэ оны 10 сарын байдлаар 1604 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Эдгээрээс тархины цус харвалт оноштой 109 эмчлүүлэгч буюу нийт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 6.7 хувийг эзэлж байна. Насны байдлаар авч үзвэл 29-40 настай 10, 41-50 настай 15, 51-60 настай 34, 61-ээс дээш настай 50 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Насны байдлыг авч үзвэл 60 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан, залуучууд тархины цус харвалтад өртөж буй нь хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, үзлэг оношилгоонд хамрагдаж байх ёстойг мэргэжлийн эмч анхааруулж байна.


Өнгөрсөн гурван жилийн хугацаанд  буюу 2020 онд 100, 2021 онд 131, 2022 онд 154 иргэн цус харвалтын оноштой хэвтэн эмчлүүлсэн аж.

Дэлхий нийтийн тэмдэглэн өнгөрүүлдэг тус өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн хамт олон 24 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнуудад хүзүү, нурууны булчин суллах дасгал, мэдрэлийн эмчийн үзлэг, тархины цус харвалтаас сэргийлэх талаар сургалт зохион байгуулсан байна.




Түүнчлэн иргэдэд харвалтын эрсдэлийн үнэлгээг хийж, харвалтын анхны шинж тэмдэг, харвалтаас хэрхэн сэргийлэх, артерийн даралтаа хэрхэн зөв хэмжих аргын талаар заавар зөвлөгөө өгч, сурталчилгааны материал, гарын авлага өгчээ.




Харвалтыг таних хамгийн чухал шинж толгой эргэж дайвалзах, толгой өвдөх, нүд бүрэлзэх, нүдэнд оч харагдах, гар, хөл суларч барьж буй зүйлээ алдах, хөл чирэгдэх шинж илэрдэг аж. Дээрх шинж, тэмдэг илэрвэл яаралтай 103 дуудах, өөрт хамгийн ойр байрлах эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.


Хугацаа алдвал амь эрсдэх, хөдөлмөрийн чадвараа алдах хүртэл аюултай тул зүгээр болохыг хүлээх бус зөвлөмжийг дагах хэрэгтэй аж.

関連ニュース