ДАРХАН-УУЛ: Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтад нэгдэхээ илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-05 16:11:46

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13 дугаар хуралдаан өчигдөр болж ажил хаях шийдвэрт хүрсэн. Цалин нэмэгдүүлэх шаардлагыг харьяа яам, засгийн газарт хүргүүлж Улаанбаатар хот болон орон нутагт ажил хаялт зарлах тухай мэдэгдсэн.


Тэгвэл аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороо /ЭМБҮЭХ/-ноос уг ажил хаялтад нэгдэнэ гэдгийг илэрхийллээ. 




Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн 10 байгууллага байдаг. Эдгээрт 900 орчим эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Дээрх байгууллагууд ажил хаялтад нэгдэх үйлдвэрчний эвлэлийн хурлыг байгууллага тус бүрдээ зохион байгуулжээ. Уг хуралд нийт 675 ажилтан хамрагдаж 78.1 хувийн ирц бүрдүүлсэн байна. 


Үүнээс үзэхэд ажил хаялтад нэгдэх эсэх талаарх хуралд оролцсон нийт ажилтны 94.5 хувь дэмжсэн гэж аймгийн ЭМБҮЭХ-ны дарга Ш.Баасанбилэг мэдэгдлээ.




Энэ сарын 3-ны өдөр ЭМБҮЭХ-ны дарга цахим хуудастаа Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хаалттай гэх агуулга бүхий зураг цахим хуудастаа оруулсан. Энэ нь иргэдэд бүх шатны эрүүл мэндийн байгууллага ажиллахгүй гэх сэтгэгдэл төрүүлжээ.

Иймд тухайн зургийн агуулгыг тодруулахад, Хэрэв эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтнуудын тавьж буй шаардлагыг ЭМЯ, Засгийн газар даруй хүлээн авч бидний тавьж буй шаардлагыг авч үзэх, тодорхой түвшинд хүртэл цалин нэмэгдүүлэхгүй бол аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагууд миний сошиалд оруулсан зурагтай ижил ажиллахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.




Бид ажил хаялтыг эхлүүлбэл ийм л дүр зураг байх болно гэдгийг илэрхийлсэн. Тиймээс бидний тавьж буй шаардлага, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин, хөлсийг нэмэгдүүлэх хэлэлцээрт хүрч чадвал тийм зүйл болохгүй гэв.


Ажил хаялт эхэлсэн ч зогсоож болохгүй тасаг, нэгж бий. Тэдгээрт бид хуваарь гаргаж ажиллах талаар нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай ярилцах болно гэдгийг тодотголоо.

 

関連ニュース