Хятадын олон улсын импортын үзэсгэлэн Шанхайд нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-11-05 14:16:58

ШАНХАЙ, 2023 оны арваннэгдүгээр сарын 5 /CGTN/. Хятадын олон улсын импортын VI экспо "Шинэ цаг эринд хөгжил, боломжоо хуваалцъя" уриан дор Шанхай хотноо өнөөдөр нээгдлээ. 


Энэ удаагийн үзэсгэлэн цар хүрээний хувьд цар тахлын өмнөх үзүүлэлтүүд рүү эргэн ирж,  дэлхийн 154 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага, 3 400 гаруй компани, тэдгээрийн дотор дэлхийн хамгийн шилдэг 500 компанийн 289 нь оролцож байгаа ажээ. Ковидын эсрэг хязгаарлалтыг бүрэн цуцалснаар үзэсгэлэнгийн цар хүрээ ийнхүү өргөжсөн байна. 


360 мянга гаруй хав.дөр.метр талбайг хамарсан асар том үзэсгэлэнгийн танхимд 69 орон үндэснийхээ бараа бүтээгдэхүүнүүдийг дэлгэнэ. Үүнээс 11 улс анх удаа оролцож байгаа бол Вьетнам, Хондурас, Казахстан, Серби, Өмнөд Африк зэрэг улсууд хүндэт зочноор оролцож байна.


Үзэсгэлэнгийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн үйлчилгээг уламжлал ёсоор хүнс ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл ба мэдээллийн технологи, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж ба эрүүл мэндийн бүтээгдэхүүн, худалдаа ба үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсэгт танилцуулдаг. 


Мөн тус экспогийн үеэр 120 гаруй салбар хуралдаан, бизнес уулзалт, арга хэмжээ зохион байгуулна.


Зургаа дахь удаагийн экспод БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлжээ. 2018 оноос хойш жил бүр зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь Хятадын асар том зах зээлийн давуу талыг түшиглэж, олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэд хоорондын солилцоо, нээлттэй хамтын ажиллагааны талбарын үүргээ биелүүлж, хөгжлийн шинэ загвар бий болгох, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад нааштай хувь нэмэр оруулсан гэж Ши Жиньпин мэндчилгээндээ дурджээ.


Тэрбээр мөн дэлхийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр шимийг хүртэх боломжийг олгох олон улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд тус үзэсгэлэн томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


関連ニュース