"Аль-Хилал" клуб Неймартай хийсэн гэрээгээ түр цуцална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЭР-РИЯД, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /RT/. Саудын Арабын хөл бөмбөгийн "Аль-Хилал" клуб бразил довтлогч Неймартай байгуулсан гэрээгээ түр хугацаагаар цуцалж магадгүй байна гэж “itasportpress.it” цахим хуудсанд “Arriyadiyah” сонины мэдээг эш татан мэдээллээ.
Өдгөө 31 настай Неймар 10 дугаар сарын 17-нд 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Уругвайн багтай Монтевидео хотод (0:2) тоглох үеэрээ бэртэж, дамнуургаар зөөлгөн талбайг орхисон байна. Түүнд "хэрээс хэлбэрийн холбоос ба өвдөгний үений мөгөөрсөн жийрэг гэмтсэн" онош тавьсан бөгөөд өвдөгний мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд есөн сарын хугацаа шаардлагатай ажээ.
Үүний дараа "Аль-Хилал" клуб түүнтэй байгуулсан гэрээгээ түр хугацаагаар зогсоох гэж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь тус клуб "өвлийн солилцооны цонх” нээгдэх үеэр гадаадын тоглогчтой гэрээ байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. “Arriyadiyah” сонинд мэдээлснээр, клубийн удирдлага болон дасгалжуулагч Хорхе Жезус зүүн жигүүрийн хамгаалагч хэрэгтэй байна гэж мэдэгдсэний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
Неймар наймдугаар сард Францын “Парис Сен-Жермен” багаас “Аль-Хилал”-д шилжин ирсэн бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд таван тоглолтод оролцохдоо нэг гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгчээ.