СЭЛЭНГЭ: “Орос хэл-соёлын баяр” өргөн боллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-13 14:46:50

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Орос хэл-соёлын баяр” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд аймийн төв Сүхбаатар хотод зохион байгууллаа.

 

Баярын үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын ЭСЯам, ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төв, Буриад улсын их сургууль, ОХУ-ын “Газопород” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар хоёр тал найрамдалт хамтын ажиллагаагаа  улам бүр өргөжүүлэн тэлэх байр суурийг илэрхийлж, санал солилцсон байна.

 

Энэхүү уулзалтаар Сэлэнгэ аймагт нэн хэрэгцээт байгаа инженер боловсон хүчнийг бэлтгэх, орос хэлний бэлтгэл анги нээх, салбар бүрийн хамтын ажиллагааг тэлэх саналыг гаргаж, ОХУ-ын албан төлөөлөгчид хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээ.

 

Буриадын их сургууль 2 жилийн хугацаатай орос хэлний багш нарыг бэлтгэж байгаа бол Томскын их сургууль инженерийн ангидаа Монгол оюутнуудыг тэр дундаа Сэлэнгийн хүүхдүүдийг сургаж эхэлсэн аж.

 

Мөн “Газопород” компани Сэлэнгэ аймагт инженер мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

 

Өнөөдөр ОХУ-ын Буриадын их сургуульд 50 гаруй Монгол оюутан суралцаж байгаа бол Хиагтын ерөнхий боловсролын сургуульд Сэлэнгийн 21 хүүхэд суралцаж байгаа юм.

 

Мөн Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуульд Сэлэнгийн 30 гаруй хүүхэд суралцах эрхээ авсан байна.

 

Ийнхүү Сэлэнгэ аймаг ОХУ-д бэлтгэж эхэлсэн эмч, багш боловсон хүчнийхээ араас инженер мэргэжилтнээ бэлтгэхээр боллоо.

 

Түүнчлэн “Орос хэл-соёлын баяр” арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн багш суралцагчид оролцсон хойд бүсийн орос хэлний уралдаан, Буриад Улсын их сургуулийн оюутнуудын урлагийн тоглолт болов.  

 

Сэлэнгэ аймаг нь ОХУ-тай боловсрол, эрүүл мэнд соёл, хөдөө аж ахуй, спортын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа юм.