ӨМНӨГОВЬ: Цаг агаарын байдлаас шалтгаалан зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-22 09:48:01

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь - Улаанбаатар чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.


Энэ чиглэлд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хүчтэй цасан шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан зам тээврийн осол гарчээ.


Тиймээс Өмнөговь аймгийн Засаг даргын А/2180 тоот захирамж гарч Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Цогтцэций-Мандалговь чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж Улаанбаатар-Өмнөговь чиглэлд зорчиж байсан 31 иргэнийг Дундговь аймагт байрлуулан аюулгүй байдлыг нь хангасан байна.


Мөн үргэлжлүүлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр цасан шуурга шуурах тул иргэд, тээвэрчид хол, ойр замд гарахгүй байх, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг Өмнөговь аймгийн ОБГ-аас анхаарууллаа.   

 

関連ニュース