ДОРНОГОВЬ: Тал нутгийн эко системийг бүрдүүлдэг цагаан зээрийг хамгаалья

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-22 12:08:20

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/.Жил бүрийн намрын сүүлч,  өвлийн эхэн цагаар хэдэн мянган зээр Дорноговийн нутгаар хойш урагш идэш тэжээл хайж нүүдэллэдэг.

Өчигдөрхөн орсон шинэ цаснаар Дорноговийн Сайншанд болон төмөр замын сум сууринг бараадаж цагаан зээрийн сүрэг идэш тэжээл хайж иржээ. Цаг улирлын байдал болон хүний зохисгүй  үйл ажиллагаанаас үүдэж зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдож үхдэг бол  зарим нь гэрийн нохойд, замын машинд, хээрийн шувуудад бариулж амиа алддаг.

Зэрлэг амьтанд ээлгүй шоронжсон нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удаж байгаа юм. Дээрээс нь малчид малын бэлчээр талхаллаа гээд хөөж туух нь энүүхэнд. Ашиг хонжоо хайсан хүмүүс алж хүнсэнд хэрэглэх  тохиолдол бий. Ер нь цагаан зээрийн үндсэн нутгийг хэдэн саяар тоологдох мал сүрэг эзэлчихээд байгаа юм.

Малтай газар малчид байх нь тодорхой. Малчид малаа цөөлөх эсвэл тал нутгаас нүүх шаардлага зүй ёсоор гарна. Цагаан зээр нүүдэллэн явахдаа ургамлын үрийг салаа туруундаа нааж өөр газар шилжүүлэн зөөвөрлөнө. Энэ нь байгаль эхийг цөлжихөөс хамгаалдаг юм. Тиймээс цагаан зээр болон түүний бэлчээр нутгийг хамгаалах  зайлшгүй шаардлага тулгарч байна.

関連ニュース