ДАРХАН-УУЛ: Бар хоттой аялал жуулчлал, боловсрол, соёл, амралт, спортын чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-22 16:12:22

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХААИС-ийн Дархан салбар сургууль хамтран хэрэгжүүлж буй “Найрамдал” төслийн багийнхан тэргүүн туршлага солилцох форумд оролцлоо. Бизнесийн туршлага судлах айлчлал, тэргүүн туршлага солилцох форум Монтенегро улсын Бар хотод энэ сарын 20-ны өдөр боллоо.


Энэ удаагийн Найрамдал төслийн тэргүүн туршлага солилцох форум, туршлага судлах айлчлал нь нийгмийн тэгш, хүртээмжтэй оролцоо, сайн засаглал, Тогтвортой Хөгжлийн зорилтуудыг нутагшуулах агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байна.




Форумд төслийн удирдагч П.Мэнд-Амгалан, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, НБХ-ийн дарга Н.Цасчихэр, Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Баярням, ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа, орлогч дарга П.Ихбаяр нар оролцож байна. Форумын үеэр тус улсын Бар хот болон Дархан-Уул аймаг хооронд тогтвортой аялал жуулчлал, зам тээвэр, төрийн байгууллага, хувийн хэвшил, их сургуулиудын хамтын ажиллагаа, соёл, амралт, спорт чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг солилцлоо.




Хамтын ажиллагааны хүрээнд хотууд иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн шинэ хөтөлбөр хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, хуваалцах олон нийтийн санаачилгаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд дамжуулах боломжтой болжээ.




Ташрамд Бар хот нь тогтвортой аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлдэг төдийгүй чидун жимсний үйлдвэрлэлээрээ алдартай аж.

関連ニュース