Binance-ийн хэрэглэгчид нэг өдрийн дотор 1 тэрбум гаруй доллар татжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /CNBC/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Binance криптовалютын биржийн хэрэглэгчид биткойныг тооцохгүйгээр 1 тэрбум гаруй доллар татаад байна гэж Nansen дүн шинжилгээний компани мэдээлжээ.
Дэлхий даяар хэрэглэгчид мөнгөө эргүүлэн татах болсон шалтгаан нь Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао саяхан огцорсон, тус бирж банкны нууцлалын тухай хуулийг зөрчсөн, үүнтэй холбогдуулан 4.3 тэрбум долларын торгууль ногдуулсан явдал байв.
Хэдийгээр алдагдал хүлээсэн боловч Binance 65 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй хэвээр байгаа нь гэнэтийн гадагшлах урсгалд нэлээд тэсвэртэйг харуулж байна гэж Nansen-ы шинжээчид онцолжээ.
Binance бол дижитал хөрөнгө арилжаалах дэлхийн хамгийн том криптовалютын бирж юм. Тус биржийг хятад гаралтай Чанпин Жао 2017 онд байгуулжээ. 2021 онд Хятадын эрх баригчид Binance-ийн цахим хуудас, гар утасны программыг хаасан бөгөөд энэ нь тус улсад криптовалютын гүйлгээтэй тэмцэхийн тулд засгийн газраас хийж буй алхмуудын нэг юм.