АРХАНГАЙ: 342 дугаар ангийн алба хаагчид цэргийн тангаргаа өргөлөө

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-11-25 19:01:00

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүхэн хөгжилд нэгэн шинэ түүхийг эхлүүлж буй үйл явдал бол аймгийн төв Эрдэнэбулган суманд шинээр байгуулсан Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн дайчид “Монгол цэргийн тангараг”-аа өргөсөн явдал байлаа. Олон ч хүн энэхүү шинэ түүхийн гэрч болж, оролцож буйдаа талархаж, баярлаж байв.


Энэ өдрийг нээлттэй хаалганы өдөр хэлбэрээр зохион байгуулж, цэргийн байр болон хооллох заалаар орж, хүүхдүүдийнхээ ямар орчинд амьдарч, сурч хөгжиж буйг харж, ямар хоол иддэгийг хүртэл хоолны үзэсгэлэнгээс харж, сэтгэгдэл өндөр байгаагаа эцэг эхчүүд хэлж байлаа. 



 Тус анги нь 2023 оны хоёрдугаар ээлжээр анхны цэргийн алба хаагчдаа хүлээн аваад буй.

 

Өнөөдрийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн хүчний байгууллагуудын удирдлагууд, дайчдын эцэг эх, ах дүү нарын 400 орчим хүн оролцлоо. Аймгийн Засаг дарга тус ангид үлээвэр хөгжмийн зэмсгийг шийдвэрлэж өгөхөөр болсон байна. 

 

Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн нийт дайчдын 60 хувь нь орон нутгийн, үлдсэн 40 хувь нь Улаанбаатар болон Өвөрхангай аймгаас татагдсан алба хаагчид байна.

 

Цэргийн албанд ирээд удаагүй ч бусдыгаа манлайлан албаа хааж буй дайчдын аав, ээжид нь батламж гардууллаа. Мөн ангийн зарим алба хаагчид цол нэмсэн юм.

 Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Барилга, инженерийн 342 дугаар ангийг байгуулах шийдвэр 2015 онд гарч байжээ.

 

2018 онд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулах тухай Батлан хамгаалахын сайдын дугаар тушаал гарч, Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг, Сайншанд хоттой холбох 17.5 км хүнд даацын тусгай хатуу хучилттай зам барих зориулалттай, зэвсэгт хүчний замын 7780 дугаар түр ангийг байгуулсан байна. 

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны дугаар тушаалаар Зэвсэгт хүчний замын 7780 дугаар ангийн эрхийг Зэвсэгт хүчний 342 дугаар ангид ийнхүү шилжүүлж, Зэвсэгт хүчний шинэ бөгөөд отгон анги болоод байгаа юм.