СЭЛЭНГЭ: Сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр ашиглах чадвараа нэмэгдүүллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-20 13:13:46

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

 

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ЕБ-ийн 35 сургуульд өнгөрсөн 2022 онд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилга, улсын төсвийн хөрөнгө оруулалт, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр байгалийн ухааны иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлсэн байна.

 

Энэхүү сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 15, 16-ний өдрүүдэд "Дижитал технологийн хэрэглээ, лазер зүсэгч машины туршилт, ашиглалт" сэдэвт ахисан түвшний сургалтыг Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургууль дээр зохион байгууллаа.

 

Сургалтыг МУБИС-ийн багш, доктор профессор Д.Сэрээтэрдорж, багш М.Баасанбаяр  нар удирдан явуулав.  

 

Сэлэнгэ аймгийн БШУГ-тай хамтран зохион байгуулсан тус үйл ажиллагаанд аймгийн 18 сургуулийн 30 багш  хамрагдаж, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтад бүтээлчээр ашиглах чадвараа улам нэмэгдүүлжээ.  

 

Иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсноор хүүхэд бүрийн бүтээлч сэтгэхүй хөгжиж, сурах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ багш, сурагчдын мэдлэг боловсрол дээшилсэн үр дүн гарч байгаа аж.

 

Мөн багш, сурагчид хамтран олон бүтээлүүд хийж, туршилтын ажлуудаараа уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа зэрэг ололт дүүрэн байгаа ажээ.