Дани, Францын компаниуд Улаан тэнгист тээврээ үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-29 11:49:26

КОПЕНХАГЕН, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /Reuters/. Дани, Францын томоохон тээврийн компаниуд Улаан тэнгисээр хийх тээврээ хэсэгчлэн сэргээж байгаагаа зарлалаа.


Ираны дэмжлэгтэй хутичууд хөлөг онгоцууд руу дайрах вий гэсэн болгоомжлолын улмаас олон улсын тээврийн компаниуд тус тэнгисээр дамжин өнгөрөх тээврийг түр зогсоогоод байгаа юм.


Харин Данийн A.P. Moller-Maersk компани лхагва гарагт өөрийн чингэлэг тээврийн хөлөг онгоцны хамгийн сүүлийн үеийн хуваарийг танилцуулсан бөгөөд үүнд зарим хөлөг онгоц Улаан тэнгис, Суэцийн суваг зэрэг маршрутаар тээвэр хийхийг харуулсан байжээ.


АНУ тэргүүтэй улс орнууд Улаан тэнгист хөлөг онгоцуудыг хамгаалах ажиллагаа явуулж байгаа нь тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж тус компани мэдэгдсэн юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин арилжааны тээвэрлэлтийг хамгаалах үндэстэн дамнасан санаачилгыг өнгөрсөн долоо хоногийн эхээр танилцуулсан билээ.


Түүнчлэн Францын CMA CGM компани мөн зарим хөлөг онгоц нь Улаан тэнгисээр дамжин өнгөрсөн талаар мягмар гарагт мэдэгджээ. Харин Британийн томоохон нефтийн компани BP, Швейцарын тээврийн MSC, Тайванийн Evergreen Marine зэрэг бусад компаниуд хөлөг онгоцуудынхаа чиглэлийг өөрчилсөн хэвээр байна.

関連ニュース