Парисын Эх дагинын сүмийг энэ онд нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС, 2024 оны нэгдүгээр сарын 1. /AFP/. 2019 онд гал түймэрт өртсөн Парисын Эх дагинын сүмийг энэ онд нээхээр болсныг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ мэдэгджээ.
"Парисын Эх дагинын сүм 2024 оны 12 дугаар сарын 8-нд үүд хаалгаа нээнэ. Францын хувьд энэ бол түүнийг сэргээн засварлахад оролцсон хүн бүрээр бахархах жил байх болно" гэж Э.Макрон хэлэв.
Нотр-Дамын сүмийг өмнө нь амлаж байсны дагуу таван жилийн дотор сэргээн босгоно гэдгийг тэрбээр онцолсон байна.
Парисын Эх Дагинын сүм нь олон зууны туршид Францын нийслэлийн гол бэлгэ тэмдэг болсоор ирсэн бөгөөд дэлхийн түүхийн дурсгалт газруудын нэг юм. Түүний суурийг анх 1163 онд VII Людовикийн үед тавьжээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой сүмд гал гарч, гал сөнөөгчид маргааш өглөө нь бүрэн унтраасан юм. Түймэр сүмийн дээд хэсэгт гарсан бөгөөд сүмийн гол орой, дээвэр бүрэн шатсан байна.