ТӨВ: Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны мөн үеэс 46.7 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-29 17:16:50

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Төв аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1033.9 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны мөн үеэс 46.7 хувиар өссөн байна.


Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлогод 7,197.7 сая төгрөг, орон нутгийн төсвийн орлогод 38,004.4 сая төгрөг, нийт 45,202.1 сая төгрөг төвлөрүүлж, 6,073.9 сая төгрөг буюу 115,5 хувиар татварын орлогын төлөвлөгөөг биелүүлжээ.  


Аймгийн боловсруулах салбарын үйлдвэрлэл 2023 оны эхний 10 сард 159.8 тэрбум төгрөг болж, 2020 оны мөн үеэс 23 дахин буюу 153.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.


Түүнчлэн аймгийн аж үйлдвэрийн салбарт 301.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 143.2 тэрбум төгрөгөөр буюу 90.4 хувиар өсжээ.


Шинэ сэргэлтийн бодлого-Хөгжлийн түүчээ-Төв аймаг” эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, үүний үр дүнд 814.1 тэрбум төгрөгийн, 3500 ажлын байр бий болгох хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.  


Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор хөгжүүлж, жилд 110 сая литр сүү үйлдвэрлэж өөрийн аймгийн хэрэгцээг 100 хувь, Улаанбаатар хотын сүүний хэрэгцээний 45 хувийг, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 30 хувийг хангаж байна. Мөн жилд 58,4 тн мах бэлтгэж мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 40 орчим хувийг хангаж байгаа юм.

 

関連ニュース