СЭЛЭНГЭ: "ТиЖи-денс" клубийн бүжигчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-15 12:36:14

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын "ТиЖи-денс" бүжгийн клубийн бүжигчид Азийн аварга шалгаруулах нээлттэй болон түүний дэргэдэх чансаа тогтоох 1-8 түвшний тэмцээнүүдэд амжилттай оролцоод иржээ.

 

Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооны дэргэдэх Мандал сум дахь "Тижи-денс" бүжгийн клубийн багш М.Анударьтай ярилцлаа.

 

-Юуны өмнө танай клубийн хамт олонд амжилт дүүрэн эх орондоо ирсэнд талархал дэвшүүлье. Тэмцээнд хэчнээн тамирчид оролцов, тэмцээнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Би энэ клубийн багш, дасгалжуулагчаар ажиллаад 2 жил болж байна. Бид үүсэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын болоод тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байна.

 

Саяхан БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн нээлттэй бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнд бид амжилттай оролцоод ирлээ. Энэ бол бидний олон улсын чанартай 4 дэх уралдаан юм. Манай клубийн 6-14 насны 10 тамирчин энэ тэмцээнд оролцлоо.  

 

Энэ тэмцээн Азийн аварга шалгаруулах, цомын аварга шалгаруулах, түвшин тогтоох, чансаа тогтоох зэрэг төрлөөр явагдсан. Манай хүүхдүүд төрөл бүрд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

 

-Тэмцээнд оролцох хүүхдүүдийг хэрхэн шалгаруулж авдаг уу? Мөн хэдий хугацаанд бэлтгэгдсэн тамирчид сонгон шалгаруулалтад ордог вэ?

-Манайх Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооны дэргэдэх клуб. Иймээс бид Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооноос зохион байгуулсан бүх л уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. Манай клубт 6 сараас 2 жил бүжгийн спортоор хичээллэсэн хүүхдүүд байдаг.  

 

Манай холбооноос жил бүрийн эхэнд гадагшаа явах тамирчдаа сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил 2024 оны нэгдүгээр сарын 19-нд холбооны бүх тамирчид оролцсон гадаад явах тамирчдад эрх олгодог тэмцээнээ хийсэн.

 

Энэ тэмцээнээс манай 10 хүүхэд эрх авч, Монгол Улсаа төлөөлж Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

 

-Гадаад, дотоодын уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулийн явцад тохиолдох бэрхшээл юу байдаг вэ?

-Мэдээж олон улсын тэмцээнд явахад санхүүгийн асуудал хамгийн ихээр эцэг, эхчүүдэд маань тулгардаг. Бид чадах ядахаараа сум орон нутгаасаа дэмжлэг хүсдэг. Мөн орон нутгийн удирдлагуудаас цохож өгсөн байгууллагуудаар явж сэтгэлийн хандив хүсдэг.

 

Сая энэ тэмцээнд бид хандив хүсээгүй, хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрсдөө бүх зардлыг гаргаад явуулсан.

Өмнөх дэлхийн аварга болон Евро-Азийн аварга шалгаруулах тэмцээнд Мандал сумын ААН, байгууллагуудаас хандив тусламж хүсээд явсан. Ер нь бол эцэг эхчүүдийн санхүү, дэмжлэг 90 хувь нь байдаг.

 

-Дараагийн тэмцээн уралдаанд бэлтгэж байна уу?

-Одоо бид энэ сард удахгүй болох “Хүн домог” монгол туургатны үндэсний их наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

 

Мандал сумын Тижи-денс бүжгийн клубийн тамирчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

 -Тус клубийн бүжигчин Э.Эгшиглэн 14 нас хүртэлх чансаа тогтоох болон тамирчин хөгжүүлэх төрөлд хошой алт, нэг хүрэл медаль хүртжээ. Тэрбээр аав, ээжийнхээ урмыг хугалж, итгэлийг алдаагүй ирсэндээ баяртай байна гэсэн юм.

 

-Харин клубийн хамгийн бяцхан бүжигчин Б.Энэрэл 6 нас хүртэлх чансаа тогтоох болон тамирчин хөгжүүлэх төрөлд алт, мөнгөн медаль хүртжээ.

 

-Клубийн ганц эрэгтэй бүжигчин Э.Түвшинжаргал бүжгийн спортоор хичээллээд 2 жил болж байгаа аж. Тэрбээр, энэ спортоор хичээллэснээр биеийн галбир сайжрахаас гадна өөрийгөө нээх, дотоод сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх гээд давуу чанар ихтэй болдог хэмээлээ.

 

Э.Түвшинжаргал тус тэмцээнээс эрэгтэй ганцаарчилсан 14 нас хүртэлх цомын аварга шалгаруулах төрөлд оролцож, хошой алтан медаль хүртэж, цомын эзэн болжээ.

 

-Бусад гишүүдийн тухайд Б.Янжинлхам 10 насны цомын аварга шалгаруулах болон чансаа тогтоох тэмцээнд алт, мөнгө, цом, Б.Оюундарь 12 нас хүртэлх чансаа тогтоох болон тамирчин хөгжүүлэх төрөлд мөнгө, хүрэл, С.Анужин 14 нас хүртэлх чансаа тогтоох болон тамирчин хөгжүүлэх төрөлд хошой мөнгөн медаль, М.Урангоо 10 нас хүртэлх чансаа тогтоох болон тамирчин хөгжүүлэх төрөлд мөнгө, хүрэл, З.Дүүрэнжаргал 10 нас хүртэлх чансаа тогтоох болон тамирчин хөгжүүлэх төрөлд хошой алтан медаль тус тус хүртжээ.

 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын Ташкент хотод зохиосон Евро-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тус клубийн тамирчин О.Маргад, Д.Номин-Эрдэнэ нар амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд болжээ.   

 

関連ニュース