Монгол, Канадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол, Канадын хоорондох худалдааны эргэлт чамлалттай хэмжээнд буюу өнгөрсөн онд экспорт 35.1 сая ам.доллар, импорт 1.5 сая ам.доллар байв. Иймд МҮХАҮТ-ын удирдлага болон Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос нарын цахимаар уулзахдаа экспортыг нэмэгдүүлэх, ингэхдээ экспортын чиг хандлагатай бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарах шаардлагатай байгаа тухай асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр, Элчин сайд Э.Сарантогос Канад улсын
худалдаа, эдийн засгийн байдал, баримталж байгаа бодлого, Монгол Улс Канад улстай
дээрх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин танхимын бизнесийн салбарыг дэмжих, төлөөлөх
бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, мөн Танхимын тухай хуулийн төслийн
талаар танилцууллаа.
Мөн уулзалтын үеэр ЭСЯ болон МҮХАҮТ тогтмол мэдээлэл солилцож байхаар боллоо. Үүнд, эдийн засгийн хамтын ажиллагааны зорилтот салбарыг тодорхойлж, тухайн салбарт чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, Монголоос Канад руу болон Канадаас Монгол руу бизнесийн төлөөлөгчдийг солилцоход дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
Цахим уулзалтад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монгол
Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос, ЭСЯ-ны Элчин зөвлөх В.Оюу,
Худалдааны зөвлөх М.Батхуяг, МҮХАҮТ-ын Канад улс дахь төлөөлөгч С.Энх-Амгалан
нар оролцсон юм.