СЭЛЭНГЭ: ХАА, газар тариалангийн тоног төхөөрөмжийн дэлгүүр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-05 09:05:45

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын “Мөнх ногоон тал” ХХК хүлэмжийн болон газар тариалангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн салбар дэлгүүрээ Сэлэнгэ аймагт нээлээ.

 

Ингэснээр Сэлэнгийн тариаланч ногоочид Улаанбаатар хот орох шаардлагагүйгээр шууд үнээр нь хүлэмж болон хүлэмжийн хэрэгцээт зүйлс, бусад хөдөө аж ахуйн техникүүдийг худалдан авах боломжтой болж байна.

 

Тус салбар нь Монгол Улсын засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд томоохон техник тоног төхөөрөмж худалдан авах иргэдэд 50 хувийг нь буцаан олгох үйлчилгээг мөн үзүүлэх юм.

 

Энэхүү салбар дэлгүүрээс ХАА-н тоног төхөөрөмжөөс гадна модны чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд ч багаж тоног төхөөрөмжөө худалдан авах боломжтой.

 

Өнгөрсөн намар Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааны үеэр тус компанийн удирдлагаас Сэлэнгэ аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, салбар дэлгүүрээ тус аймагт нээхээр тохирсон ажил ийн биелэлээ олжээ.

 

Энэ талаар “Мөнх ногоон тал” ХХК-ийн бизнес судалгаа хөгжлийн захирал Б.Батхишиг ярихдаа, “Сэлэнгэ аймаг газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр улсдаа тэргүүлэх байрыг эзэлдэг. Иймээс бид анхныхаа салбарыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод байгуулж байгаадаа баяртай байна. Хүнсний хувьсгал, Тэрбум мод, мөн ХАА-н талаар баримтлах бодлого гээд маш олон, хүнсний болон газар тариалангийн чиглэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа аймаг.

 

Иймээс эдгээр бодлогыг хэрэгжүүлэн ажиллахад нь бидний зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор олон суманд агропарк байгуулсан.


Мөн бид засвар, сэлбэг, сургалт, хөгжил, судалгаа гээд техникийн төвийг үе шаттайгааар тус аймагт байгуулна. Өнөөдөр бид анхныхаа худалдааны төвийг нээлээ” гэв. 

関連ニュース