Б.Даваацэрэн: Халхын ноёдын уг гарвалын бичиг, Монгол маркийн цуглуулгыг дэлхийн бүсийн өвд бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2024-05-07 13:23:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн өв соёлын “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар ерөнхий чуулган манай улсад болж байна.


“Дэлхийн дурсамж” хөтөлбөр нь дэлхийн баримтат өвүүдийн үнэт дурсгалуудыг хадгалан хамгаалж, түгээн сурталчлах зорилгоор ЮНЕСКО-гоос 1992 онд эхлүүлсэн олон улсын үйл ажиллагаа юм.


Монгол Улс тус хөтөлбөрийн бүсийн хорооны гишүүн орон бөгөөд 10 дугаар ерөнхий чуулганыг хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хороо (MOWCAP) болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисстой хамтран Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам эх орондоо анх удаагаа зохион байгуулж байна.


Энэ талаар бид Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэнгээс тодрууллаа.


-ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үйл ажиллагаа, ач холбогдол юунд оршдог вэ?

-ЮНЕСКО-гоос дэлхийн баримтат өвүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, ялангуяа хувь хүний хөгжилд үзүүлэх үүрэг, ач холбогдлыг харгалзан үзэж, тэдгээр өвийг тусгайлан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах үүднээс ийм хөтөлбөрийг батлан гаргасан юм.

Тодруулж хэлбэл, баримтат өвүүдэд агуулагдаж буй үнэ цэнтэй байдлыг хадгалан хамгаалж, тогтвортой байлгах, өвүүдэд хадгалагдаж буй мэдлэг, мэдээлэл, ойлголтыг олон нийтэд түгээр сурталчлахад оршдог. Энэ нь эргээд өвүүдийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад олон нийтийг оролцуулах явдал юм.


-Манай улсаас дэлхийн баримтат өвүүдэд 8 өв бүртгэжээ. Цаашид ямар өвүүдийг бүртгүүлэх гэж байна?

-Баримтат өвүүдийг үндэсний хэмжээний болон бүс нутгийн, мөн олон улсын гэсэн 3 шаттайгаар бүртгэдэг. Түүх, соёл, шинжлэх ухаантай холбоотойгоор тухайн өвийн үнэ цэнийг хангасан байдлаар үнэлэн бүртгэдэг. Ийм дэг жаяг, дүрэм журамтай юм. Манай улс өнгөрсөн хугацаанд олон улсад 5, бүсийн хэмжээнд 3 өвийг бүртгүүлээд байгаа. Ойрын хугацаанд хэд хэдэн өвийг бүртгүүлэхээр зорьж байгаа. Хамгийн эхлээд бүс нутгийн хэмжээнд Монгол маркийн цуглуулга, “Халхын ноёдын уг гарвалын бичиг” гэсэн 2 өвийг бүртгүүлэх гэж байна.


ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын жагсаалтад манай улсаас :

  • “Лу Алтан товч”-ийг 2011 онд,
  • “Монгол шунхан Данжуур”-ыг 2011 онд,
  • “Есөн эрдэнийн Ганжуур”-ын 2023 онд,
  • Данжуурын гэрэлт хөшөөг 2017 онд,
  • Цогт хунтайжийн хадны бичээсийг 2023 онд тус тус бүртгээд байна.

Харин Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад:

  • Мөн “Лу Алтан товч”-ийг 2010 онд,
  • “Сахиусан Дара эх”-ийн 2014 онд,
  • “Мэргэд гарахын орон судар”-ын монгол барыг 2016 онд тус тус бүртгэжээ.

 

 

関連ニュース