ДОРНОГОВЬ: Хатанбулаг сум улсын тэргүүний сумаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-10 11:10:47

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сум Монгол Улсын тэргүүний сумаар шалгарч Засгийн газрын шийдвэрээр 100 сая төгрөгөөр шагнуулжээ.


Засгийн газрын шагналыг аймгийн Засаг дарга О.Батжаргал болон албаны хүмүүс тус суманд энэ сарын 8-нд гардуулж, сумын ЗДТГ-ын хамт олон болон сумын нийт иргэнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудад баяр хүргэжээ.


Монгол Улсын Засгийн газраас улсын тэргүүний сумын шалгуурыг 19 үзүүлэлтээр баталсан байдаг аж. Дээрх шалгуур үзүүлэлтийг тус сум хангасан байна. Дорноговь аймгийн төвөөс урагш 260 гаруй км алслагдсан хамгийн хол сум 2016 он хүртэл төвийн эрчим хүчинд холбогдоогүй байжээ.


Удалгүй төвийн эрчим хүчинд холбогдож, сумын төвийн жижиг уурын зуухнуудыг халж төвлөрсөн дулааны эх үүсвэртэй болсон төдийгүй өндөр хурдны интернэт тавьж, улсын төсвийн 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн цогцолбор сургуулийг энэ онд ашиглалтад оруулсан байна.

     

Хатанбулаг сум 2018, 2019, 2021, 2023 онд Дорноговь аймгийн шилдэг сум,  2022 онд Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сумаар шалгарч байв.

         

Ханги хилийн боомтод БНХАУ-ын ӨМӨЗО-ы санхүүжилтээр 35 кВт хүчин чадалтай цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10кВт-ын 10мвт чадалтай дэд станц барихаар болсон юм. 

         

Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьсан, цаашид хилийн боомтод ажиллаж байгаа суурьшлын бүсийн төрийн албан хаагчид, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан найман айлын орон сууц барихаар тендер зарласан мөн төрийн үйлчилгээний нэгдсэн төв, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих төлөвлөгөөтэй байгаа аж.


Тус суманд байх Ханги боомт нь Монгол Улсын гадаад  худалдаа, тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хоёр дахь гол гарц болоод байна..

Тус боомтоор эдүгээ 916 тээврийн хэрэгсэл С зөвшөөрөлтэй буюу богинын тээвэрт, 1500 тээврийн хэрэгсэл уртын тээвэр буюу уурхайгаас нүүрс тээвэрлэж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги боомтын суурьшлын бүсийг 2023 оноос эхлэн 20 жилийн хугацаатай төлөвлөжээ.

Үүнээс гадна Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орж Тавантолгой-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажил концессын гэрээгээр үргэлжилж буй. 

関連ニュース