ХОВД: Сэнжит хад
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс 300-400 км
зайд байрлах баруун бүсийн Булган, Үенч, Алтай сум руу явах замд байгалийн
өвөрмөц тогтоц бүхий Бодончийн хавцал, Сэнжит хадыг дайран өнгөрдөг.
Алтай сумын нутаг
Бодонч голын гүн хавцалд голын усны зүүн хөвөөнд баруун урагш сунан, түрж
тогтсон Хар үзүүр гэх үзэсгэлэнт газар бий.
Хар үзүүрийн эхэнд өндрөөрөө 50
метр, өргөн 20 метр элгэн хөх хад байгалиас заяажээ. Умар зүг харсан хясааны
дунд хадан хошуу бусдаас ялгарна.
Олон жилийн турш голын ус хясааны
хад руу асар их хүчээр цохиж, аажим аажмаар элээснээр хадан хошууг нүхлэн нэвт
гарч Сэнжит хад (цохио) гэдэг онцгой дүрс хэлбэртэй хадан хошуу үүсгэсэн
бололтой гэж нутгийн иргэд хуучилдаг.
Мөнгөлөг гялтганууртай
занар бүхий хадан хошуу ус руу түрж орсон байдаг нь усан дотроос ургасан
эрдэнийн багана мэт содон агаад өндөр нь 15 метр, өргөн нь 3-5 метр, зүүн
тийшээ 40-50 градус налуу тогтоцтой юм.
Энэ газрын уул толгод хувирмал
занараас бүрдсэн байх бөгөөд магнаг судал, дэл хадны биетүүд үелэн тахиралсныг
ажихад аварга могой мэт санагдана. Сэнжит хадны хормой болон сэнжний хөндий
хэсэгт Бодончийн голын мөс зургаан сарын эцэс хүртэл хадгалагдан үлдэх ба зуны
аагим халуунд мориноосоо буун түр саатахад сэрүүн байдаг онцлогтой.
Сэнжит цохионы нүх нь босоо
зуйван хэлбэртэй бөгөөд ачаатай тэмээ, морьтой хүн, УАЗ-469 машин багтаж
гардаг. Хол, ойрын зочид, аялагчид, нутгийн иргэд энд дурсгалын зураг авахуулж,
байгалийн сайхныг мэдэрдэг юм.