ХОВД: Төсвийн орлого, зарлагад өөрчлөлт орсноор сумдад олгох санхүүгийн дэмжлэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-28 17:39:56

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан өмнөх долоо хоногт болж, дөрвөн асуудал хэлэлцсэн юм.


Тухайлбал, аймгийн 2025 оны баталсан төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэт цаг үеийн асуудлыг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа.

 

Онцолбол, улсын төсвөөс аймагт олгох санхүүгийн дэмжлэг 9165.8 сая төгрөгөөр буурч нийт дүнгээр 4875.8 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 12465.0 сая төгрөгөөр хасагдаж, нийт дүнгээр 18024.9 сая төгрөг болсныг сум, аймгийн орон нутгийн хөгжлийн санд журмын дагуу хуваариллаа.


Сангийн яам цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал 4.5 хувь, тээвэр шатахуун, багаж, техник хэрэгсэл, урсгал засвар, дотоод албан томилолт, бараа үйлчилгээний бусад зардал, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал, төрийн өмчит байгууллагад олгох татаас, ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшууллын зардлыг 50 хувь, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 15 хувь, нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлыг 100 хувь буурууллаа.


Төсвийн орлого болон зарлагад орсон өөрчлөлтөөр сумдад олгох санхүүгийн дэмжлэг 16085.5 сая төгрөг болж 4013.8 сая төгрөгөөр буурчээ. 

Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 12.5 тэрбум төгрөгөөр буурснаар сумдад олгох орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 6.2 тэрбум төгрөгөөр буурч 9,.8 тэрбум төгрөг болсон. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 6.3 тэрбум төгрөгөөр буурч 8.2 тэрбум төгрөг хуваарилсан тухай Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс танилцуулав.   

 

関連ニュース