СҮХБААТАР: “Үндэсний цом 2024” хөлбөмбөгийн тэмцээнд 16 аймгийн баг тамирчид оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний
цом 2024” хөлбөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймагт болж байна. Хоёр
шатлалтайгаар үргэлжилж буй тус тэмцээнд
16 аймгийн 320 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/, Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ хамтран зохион байгуулж байна. Спортын шинэ ордонд
болсон тэмцээний нээлтийн үеэр аймгийн засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ, тал сайхан нутагт минь тухлан саатахыг урьж, Сүхбаатар аймаг олон улс, улс, бүсийн чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах хүсэлтэй байгаа. Үүний нэг нь энэхүү хөлбөмбөгийн үндэсний цомын тэмцээн юм. 2016 онд манай аймагт болж байсан тэмцээн 2024 онд дахин зохион байгуулагдаж буйд талархаж байна. Тэмцээн зохион байгуулах үндсэн шаардлага, шалгуурыг хангаж, газар газрын шилдэг тамирчид аймаг орон нутагтай минь танилцах боломж олдсон нь бид бүхний олон жилийн хамтын ажиллагаа, биеийн тамир спортыг хөгжүүлэх гэж зорьж хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байуулалтын үр дүн юм гэдгийг онцоллоо.
Энэхүү тэмцээнийг орон нутагтаа
зохион байгуулах саналыг аймгууд уламжилж, МХБХ шийдвэрийг гаргадаг байна. Өнгөрсөн жилийн тэмцээн Дархан аймагт болж, Увс аймаг цомын эзэн болж байжээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 21 аймгаа таван бүсд ангилж, тухайн бүсийнхээ төвд энэхүү тэмцээнээ зохион байгуулдаг байх зорилтыг цаашид хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн ивээл дор болдог энэ тэмцээн бол үндэсний хэмжээний, маш ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг тэмцээн. Тийм ч учраас оролцогчид болоод тухайн аймаг орон
нутагт ач холбогдолтой. Тэмцээнийг зохион байгуулах
саналыг аймгууд гаргадаг ч бид үндсэн шалгуур болох олон улсын
стандарт шаардлагыг хангасан, мэргэжлийн хөлбөмбөгийн талбайтай
эсэхийг харгалздаг. Тийм ч учраас Сүхбаатар аймаг хоёр ч
удаа тэмцээний эрхийг авсан байдаг. Манай тамирчид, зохион байгуулагчид энэ
удаагийн тэмцээнд сэтгэл хангалуун байгаа гэж МХБХ-ны нарийн бичгийн дарга Т.Дагвадорж
хэллээ.
Нийтийн хөлбөмбөг хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөлбөмбөгийн спортыг сурталчлах, шинэ залуу тамирчдыг бэлтгэх зорилго бүхий тус
тэмцээн наймдугаар сарын 27-ыг хүртэл үргэлжилнэ.