Зэрлэг амьтдын шилдэг гэрэл зургуудыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-08-29 12:29:07

ЛОНДОН, 2024 оны наймдугаар сарын 29 /CNN/. Нойрмог далайн хав, бүжиглэж буй цагаан үен, кайман матар барьж буй ягуарын гэрэл зургууд энэ жилийн “Зэрлэг амьтдын шилдэг гэрэл зурагчин-ы уралдааны өндрөөр үнэлэгдсэн бүтээлүүдийн тоонд оржээ.


60 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд дэлхийн 117 улс орон, нутаг дэвсгэрээс бүх насны, янз бүрийн туршлагатай хүмүүс 59 228 бүтээл ирүүлсэн нь тэмцээний түүхэнд дээд амжилт тогтоолоо” гэж Лондон хотын Байгалийн түүхийн музейн зохион байгуулагчид мэдэгдсэн байна.


Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг бүтээлч, шинэлэг байдал, техникийн чанар зэргийг нь харгалзан шүүж байгаа ажээ. Онцлох гэрэл зургуудын дунд өвлийн нэгэн өглөө ойд хэвтэж буй хөлдсөн бугын сэтгэл өвдөм зураг багтжээ. Энэхүү зураг нь ухаалаг гар утсаар авсан анхны өндөр үнэлэгдсэн зураг болсон байна.



“Шалгарсан гэрэл зургуудыг үзэж сонирхох үеэрээ та зэрлэг амьтдын төрөл зүйлийн олон янз байдал, зан авир, байгаль дэлхийг хамгаалахтай холбоотой олон асуудлыг харах боломжтой” гэж шүүгчдийн зөвлөлийн дарга Кэти Моран ярьжээ.  


Түүнчлэн байгаль хамгаалах үйлс, эерэг өөрчлөлтийн талаарх түүхийг олон нийтэд таниулах зорилгоор өсвөр үеийнхний болон насанд хүрэгчдийн тэмцээний аль алинд нь нөлөөллийн шагнал хэмээх шинэ ангиллыг нэмсэн байна.


Ангилал тус бүрийн ялагчид болон гол шагналын эзнийг ирэх 10 дугаар сарын 8-ны өдөр зарлана. Улмаар уралдааны шилдэг 100 гэрэл зургийг 10 дугаар сарын 11-нээс Лондоны Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнд дэлгэх ажээ.

関連ニュース