“Дэлхийн цирк Монголд” тоглолт үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-25 11:24:59

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Циркийн урлаг нь хэн бүхэнд баяр баясал, инээд хөөр бэлэглэн гоо сайхан, дуу хөгжим, хүн амьтдын харилцаа, гэрэлтүүлгийн гайхамшиг гэх мэт олон төрөлт үзүүлбэрийг нэг дороос мэдрэх боломж олгодгоороо бусад төрлөөс ялгардаг билээ.


Тэгвэл  “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт ирэх сарын 5-нд “Степп Арена”-д нээлтээ хийх гэж байна. Аравдугаар сарын турш долоо хоног бүрийн амралтын өдөр болох энэхүү тоглолтод дэлхийд ганцхан гэгдэх ОХУ-ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн Төв циркийн сургуультай гурван баавгай болон нохойнууд ирж буйгаараа онцлогтой.


Сургуультай баавгайнуудын үзүүлбэр нь Монте Карлод болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртэж байсан аж. Уг үзүүлбэрийн онцлог нь ОХУ-ын алдарт Юрий Никулины нэрэмжит циркийн жүжигчид, удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бөгөөд дэлхийд цор ганц машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнууд үзүүлбэр үзүүлдгээрээ олны анхаарлыг татжээ.


Энэ удаагийн хос манежтай тоглолтод АНУ, Герман, Унгар, Хятад, Орос, Монгол зэрэг есөн орны 260 орчим уран бүтээлч оролцоно. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов, ерөнхий продюсерээр олон улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна.





関連ニュース