Ю.Клопп “Red Bull”-ийн хөл бөмбөг хариуцсан тэргүүнээр ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-10 16:14:02

БЕРЛИН, 2024 оны аравдугаар сарын 10 /BBC/. Ливерпүүл” клубийн дасгалжуулагч асан Юрген Клопп Red Bull” компанийн олон улсын хөл бөмбөгийн салбарыг хариуцсан тэргүүнээр томилогджээ. Өдгөө 57 настай герман дасгалжуулагч 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэг ажилдаа орох ажээ.


Хэдэн сарын өмнө би өөрийгөө дасгалжуулагчаар ажиллах эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан, одоо ч ийм хэвээр байна. Гэхдээ би хөл бөмбөгт дуртай, ажиллаж хөдөлмөрлөх дуртай хэвээр байгаа бөгөөд Red Bull үүнд маань тохирсон төгс ажлыг надад өгсөн” гэж Ю.Клопп Инстаграм хуудсандаа бичжээ.


Австрийн энергийн ундааны Red Bull брэнд нь Германы Бундеслигийн “РБ Лейпциг”, Австрийн “Ред Булл Зальцбург”, Америкийн “Нью-Йорк Ред Буллз”, Бразилын “Ред Булл Брагантино” багуудыг эзэмшдэг юм. Мөн Английн “Лидс клубийн цөөн хувьцааг эзэмшигч бөгөөд энэ оны эхээр тус клубийн гол ивээн тэтгэгч болжээ.


Red Bull”-ийн мэдэгдсэнээр, Ю.Клопп өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, харин багуудад тоглолтын зарчим, дамжуулалтын стратеги, дасгалжуулагчийн ур чадварын талаар зөвлөгөө өгөх ажээ. Ю.Клоппын хувьд олон жилийн турш цуглуулсан туршлагаа хуваалцахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.


Тус компанийн төсөл, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Оливер Минцлафф хэлэхдээ, Юрген Клопп бол дэлхийн хөл бөмбөгийн спортын хамгийн агуу, нөлөө бүхий хүмүүсийн нэг хэмээгээд, хөл бөмбөгийн салбар хариуцсан тэргүүний хувиар тэрбээр олон улсын хөл бөмбөг дэх бидний оролцоо, түүний цаашдын хөгжилд томоохон өөрчлөлтийг авчрах болно хэмээн ярьжээ.


Ю.Клопп Ливерпүүл”-ийг есөн жилийн турш дасгалжуулахдаа Премьер лиг, Аваргуудын лиг зэргээс найман цомыг хүртэж байсан бөгөөд өнгөрсөн улирлын төгсгөлд уг албан тушаалаасаа буусан юм. Тэрбээр 2001 онд Майнц”-д дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, 2008 оноос Боруссиа Дортмунд багийг дасгалжуулсан бөгөөд энэ хугацаанд баг нь Бундеслигт хоёр удаа түрүүлж, 2013 онд Аваргуудын лигийн финалд шалгарч байв. 

関連ニュース