"Барселона" Аваргуудын лигийн тоглолтод "Бавария"-г буулган авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-24 11:42:41

МАДРИД, 2024 оны аравдугаар сарын 24 /TASS/. Аваргуудын лигийн ерөнхий шатны гуравдугаар тойргийн тоглолтод Испанийн “Барселона” баг талбайдаа Мюнхений “Бавария”-г 4:1-ээр буулган авлаа.


“Барселона”-гийн жигүүрийн довтлогч Рафинья уг тоглолтод хет-трик (2, 45, 56 дахь минутад) хийснээр бут ниргэсэн хожлыг багтаа авчирлаа. Тус багийн польш довтлогч Роберт Левандовский (36) мөн хуучин тоглож байсан багийнхаа хаалганд гоол оруулсан байна. Харин Мюнхений багаас Гарри Кейн өрсөлдөгчийнхөө хаалганд гоолджээ. 


Багууд Аваргуудын лигт 14 дэх удаагаа учраа таарлаа. "Барселона" гурав дахь хожлоо авч байгаа бол “Бавария” 10 удаа "Барселона"-г хожсон бөгөөд багууд нэг тоглолтод тэнцэж байжээ. “Барселона” баг Аваргуудын лигт таван удаа түрүүлсэн бол “Бавария” тус тэмцээнд зургаан удаа аваргалсан юм. 


Гурван тойргийн дараах байдлаар “Барселона” зургаан оноо, “Бавария” гурван оноо авчээ. Дараагийн тойрогт “Барселона” 11 дүгээр сарын 6-нд Сербийн “Crvena zvezda” багтай зочлон тоглох бол “Бавария” Португалын “Бенфика” клубийг талбайдаа хүлээн авна. 


Лхагва гарагт болсон бусад тоглолтод Италийн "Атланта" баг талбайдаа Шотландын "Селтик"-тэй 0:0-ээр тэнцсэн бол Английн "Манчестер Сити" талбайдаа Чехийн "Спарта" багийг 5:0-ээр буулган авчээ. Нидерландын "Фейенорд" баг Португалын "Бенфики"-г 3:1-ээр талбайд нь хожсон бол Францын "Лилль" Испанийн "Атлетико" багийг талбайд нь мөн 3:1-ээр буулган авчээ. Италийн “Интер”, Английн “Ливерпүүл” багууд зочлон тоглож, өрсөлдөгчдөө 1:0-ээр хожсон байна. “Интер” Швейцарын “Янг Бойз”-ыг, “Ливерпүүл” Германы “Лейпциг”-ийг хожжээ. Загребын "Динамо" баг "Зальцбург"-ийг  талбайд нь 2:0-ээр хожсон бол Францын "Брест" талбайдаа Германы "Байер"-тай 1:1-ээр тэнцсэн байна.


2024/25 оны улирлаас эхлэн клубүүд хэсгийн тоглолтын оронд ерөнхий шат гэж нэрлэж буй тоглолтод оролцож байгаа юм. Мөн түүхэндээ анх удаа 36 баг өрсөлдөж байгаа бөгөөд эхний найман баг 1/8 шигшээд шууд шалгарах бол үлдсэн найман байрыг 9-24-р байрт шалгарсан багуудаас шалгаруулна. Тэмцээнд оролцогч баг бүр найман өөр өрсөлдөгчтэй найман тоглолт хийнэ. 


関連ニュース