СҮХБААТАР: Шүд угаалтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-29 11:37:25

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өсвөр насны хүүхдүүдийн 80-85 хувь нь шүд цоорох өвчтэй. Энэ нь цаашлаад халдварт болон халдварт бус олон өвчний эх үүсвэр болох эрсдэлтэй. Тиймээс сурагчдад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгохоор шүд угаалтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.



Сүхбаатар аймгийн хүүхдүүдийн дундах өвчний тэргүүлэх таван шалтгааны нэг нь хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны өвчлөл байдаг. Үүний үндсэн шалтгаан нь шүд цооролтой холбоотой гэж эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Тиймээс хүүхдийг багаас нь амны хөндийн ариун цэврээ сахих, шүдээ зөв угааж хэвшихийг зуршил болгох нь нэн чухал байгаа юм.




Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх,  өвчлөлийг эрт илрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан тэмцээнд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн найман баг тус тэмцээнд оролцож, хоёрдугаар сургуулийн хамт олон тэргүүн байр эзэлжээ.


Энэ хэдийгээр шүд угаах гээд энгийн мэт сонсогдовч цаанаа маш өргөн ач холбогдол, утга агуулгатай ажил. Өсвөр насны хүүхдүүдээр дамжуулан тэдний ар гэрийнхэн, найз нөхөд, бяцхан дүү нартаа үлгэр дуурайл үзүүлж, эерэгээр нөлөөлөх боломжтой гэж харж байгаа учир тэмцээнд дан өсвөр насны хүүхдүүдийг хамруулсан гэж аймгийн ЭМГ-ын дарга М.Дэлхийцэцэг ярилаа.


関連ニュース