СҮХБААТАР: Прокурорын газрынхан цагаан зээрээ хамгаалахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-29 15:40:14

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Прокурорын байгууллагын спортын бага наадам-2024” зүүн бүсийн тэмцээн энэ сарын  24, 25-ны өдрүүдэд "Цагаан зээрээ хамгаалъя" уриан дор боллоо. Өөрөөр хэлбэл баг тамирчид цагаан зээрээ хайрлан хамгаалах уриалгаа спортоор дамжуулан олон нийтэд түгээсэн юм.




Энэ удаагийн наадмыг байгаль эх дэлхийгээ хамгаалах, ялангуяа цагаан зээрээ хайрлан хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол орны баялаг болсон ан амьтнаараа бахархах үзлийг сурталчлах зорилготойгоороо онцлог. “Цагаан зээрээ хамгаалъя” уриан дор болсон тэмцээнд Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн дөрвөн багийн 70 орчим тамирчин шатар, даам, биллиард, ширээний теннис, дартс, корнхолл, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын найман төрлөөр өрсөлдлөө.


 

Улмаар нэгдсэн дүнгээр Сүхбаатар аймгийн Прокурорын газрын баг тамирчид тэргүүлж, шилжин явах цомыг өргөсөн бол Говьсүмбэр, Хэнтий аймгийн баг тамирчид удаалжээ.


Прокурорын байгууллагын спортын бага наадам нь эрүүл, идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорьдог.

 

関連ニュース