СҮХБААТАР: Олон жил царцсан таван барилгыг энэ онд ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-16 16:07:37

Баруун-Урт 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Аймгийн ЗДТГ-аас энэ онд тус аймагт олон жил царцсан болон барилгын ажил удаашралтай байсан таван барилгыг холбогдох ажил хариуцсан байгууллагад шахалт шаардлага тавьж ашиглалтад оруулжээ. Тодруулбал, улсын төсвөөр 960 хүүхдийн сургууль, 700 хүний суудалтай спорт цогцолбор, Түвшинширээ суманд 100 хүүхдийн дотуур байр, Сүхбаатар суманд 100 хүүхдийн дотуур байр, Дарьганга суманд 150 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ.

 

Мөн орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалтаар 248 айлын дөрвөн блок орон сууц шинээр ашиглалтад орсон байна.

 

Хот байгуулалтын чиглэлээр Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага хийснээс гадна Халзан, Мөнххаан, Онгон, Сүхбаатар, Уулбаян сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн хийж батлуулахаар илгээсэн бол бусад сумдад гүйцтгэлийн түвшинд үргэлжилж байгаа аж.

 

Шугам сүлжээний чиглэлээр нийт 974 метр дулааны, 551 метр цэвэр усны, 640метр ариутгах татуургын шугам шинээр тавьсан бол мэдээлэл холбоо сүлжээний 1036 метр, цахилгаан дамжулах агаарын шугамын 3834 метр сүлжээг байнгын ашиглалтад оруулсан байна.

 

Аймгийн газрын төлбөрийн орлогыг давуулан биелүүлж 447 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, урьдчилсан төлөвлөгөөгөөр газрын дуудлага худалдаагаар нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн орлого олохоор  дуудлага худалдааг 13 суманд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

 

Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын дэргэдэх барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь найман нэр төрлийн дээжид 15 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг. Тус лабораторит 138 дээжид шинжилгээ хийсэн гэж аймгийн ГХБХБГ-аас танилцууллаа.

 

関連ニュース