“TikTok”-ын хоригийг хойшлуулахыг Д.Трамп Дээд шүүхээс хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-29 11:02:07

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тус улсад “TikTok” нийгмийн сүлжээг хэрэглэхийг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг Дээд шүүхээс хүсжээ.


Ерөнхийлөгч Жо Байдены одоогийн засаг захиргааны үед батлагдсан уг хуульд "Хятадад төвтэй “ByteDance” компани “TikTok” нийгмийн сүлжээгээ Америкийн компанид худалдахгүй бол уг сүлжээг АНУ-д ажиллуулахыг хориглохоор" тусгасан юм. Энэ хууль ирэх нэгдүгээр сарын 19-ний өдрөөс буюу Д.Трампыг албан тушаалдаа орохоос нэг өдрийн өмнө хүчин төгөлдөр болно.


“TikTok”-ийн зүгээс "энэхүү хууль үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн, Үндсэн хуульд харшилсан" хэмээн үзээд, хэрэгжилтийг нь түр зогсоох хүсэлтийг Дээд шүүхэд гаргажээ.


Баасан гарагт гаргасан Д.Трампын хүсэлтэд тэрбээр маргааны үндэслэлийн талаар ямар нэг байр суурь баримтлахгүй гэдгээ дурдаад, үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор санаа зовниж буйг шийдвэрлэхийн зэрэгцээ үг хэлэх эрх чөлөөг хамгаалж, яриа хэлэлцээний үндсэн дээр шийдвэр гаргах боломжийг шинэ засаг захиргаанд олгохын тулд хоригийг хойшлуулахыг уриалжээ.


Дээд шүүх энэ асуудлаарх Засгийн газрын болон “TikTok”-ийн гаргаж буй үндэслэлүүдийг нэгдүгээр сарын 10-нд сонсохоор товлосон байна.



関連ニュース