ХОВД: 1300 орчим зүйлийн ургамал бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймаг цэвэр усны нөөц ихтэй. Хар Ус, Хар, Дөргөн зэрэг томоохон нуур, Ховд, Буянт, Булган, Сэнхэр зэрэг монгол алтайн мөнх цас мөснөөс эх авч урсдаг, төв азийн гадагш урсгалгүй ай савд багтах голуудтай.
Ховд аймаг өндөр уул, нуруу, өргөн уудам тал хээр, хотгор гүдгэр ихтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас ургамалжилтын хувьд нэлээн онцлогтой. Алтан гагнуур, вансэмбэрүү, чийр гэх мэт 1300 орчим зүйлийн ургамал ургадаг гэх судалгаа гарчээ.
Мөн Ховдод таван аймгийн 630 гаруй зүйлийн сээр нуруутан амьтан байдаг. Үүнээс сүүгээр бойжигч 120 орчим зүйл, шувуу 470 гаруй зүйл, мөлхөгч 22 зүйл, хоёр нутагтан нэг зүйл, загас 10 зүйл бүртгэгджээ.
Үүнээс гадна тус аймгийн нутагт
ирвэс, хойлог, аргаль, янгир, хотон зэрэг ховор, ховордсон амьтан олон бий.