Хятадын хакерууд АНУ-ын Сангийн яамны серверүүдийг хакерджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-02 16:07:41

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 2 /DW/. Хятадын засгийн газартай холбоо бүхий хакерууд эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлдэг АНУ-ын Сангийн яамны хэд хэдэн албаны компьютерын системийг эвдсэн байна. Энэ тухай “The Washington Post” сонин нэрээ нууцлахыг хүссэн Америкийн албан тушаалтнуудын мэдээллийг эш татан мэдээлжээ. 


Тэдний ярьснаар, Гадаад хөрөнгийн хяналтын газар (OFAC), Санхүүгийн судалгааны газрын (OFR) серверүүд халдлагад өртсөн байна. Түүнчлэн хакерууд АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллений ажлын албаны серверт нэвтрэхийг оролдсон байна.


Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Сангийн яамнаас Конгресст илгээсэн захидалд, хакерууд томоохон халдлага үйлдэх явцдаа нууц бус баримт бичгүүдийг хулгайлж, кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч “BeyondTrust”-ийг  хакердсан гэж мэдэгджээ.


“The Washington Post” сонинд бичсэнээр, Хятадын засгийн газрын сонирхож буй мэдээлэл бол АНУ-ын эрх баригчдын авах санхүүгийн хориг арга хэмжээнд өртөж болзошгүй Хятадын байгууллагууд юм. АНУ-ын эрх баригчид газрын тосны худалдаанаас олж буй Оросын орлогыг хязгаарлаж, Украины эсрэг дайныг үргэлжлүүлэхийн тулд гадаадаас Орос руу хийж буй нийлүүлэлтийг зогсоохыг зорьж байгаа тул Хятадын банкуудад хориг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн сард мэдэгдсэн юм. 


АНУ-ын Сангийн яам “The Washington Post” сонины мэдээлэлд тайлбар хийгээгүй байна. Харин АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнъюй тус сонины мэдээг "ямар ч бодит үндэслэлгүй" бөгөөд  "гүтгэлгийн дайралт" гэсэн байна. Тэрбээр хэлэхдээ, Хятад улс “бүх хэлбэрийн кибер халдлагатай тэмцэж байна” гэж мэдэгджээ.


関連ニュース