Газын зурваст гал зогсоох хэлэлцээнд Моссадын даргыг илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 12 /DW/. Газын зурваст гал зогсоох асуудлаар Катарт болох хэлэлцээнд Израил улс тагнуулын “Моссад” агентлагийн даргаар ахлуулсан төлөөлөгчдийг илгээнэ гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас бямба гаргийн орой мэдэгджээ.
“Моссад”-ын дарга Дэвид Барнеа хэзээ Катарыг зорих нь
одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн Израилын дотоодын аюулгүй байдлын асуудал
эрэхэлсэн агентлагийн дарга, цэрэг, улс төрийн зөвлөхүүдийг Катар руу илгээх
ажээ.
Газын зурваст 15 сарын турш үргэлжилж буй дайны явцад нэг удаа
богино хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. АНУ, Египет, Катарын зуучилж
буй хэлэлцээнүүд өнөөг хүртэл ямар нэг үр дүнд хүрээгүй байна.
Б.Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын
томилоод буй Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын төлөөлөгч Стив Уиткоффтой бямба
гарагт уулзсан гэж Ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд мөн дурджээ.
Энэ долоо хоногийн эхээр С.Уиткофф Доха хотноо Катарын
Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Танитай уулзсан гэж Катарын
Гадаад хэргийн яам мэдэгдсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо
хоногт хэлэхдээ, Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад “тун ойрхон” байгааг онцлоод, Трампын
шинэ засаг захиргаа байгуулагдахаас өмнө дуусна гэдэгт найдаж байгаагаа
илэрхийлжээ.
Палестины ХАМАС бүлэглэлийн зүгээс бямба гарагт мэдэгдэхдээ,
Газад барьцаанд байгаа хүмүүсийн хувь заяа Израилын Ерөнхий сайд
Биньямин Нетаньяхугаас хамаарна гэсэн байна.