"Лалын улс" иргэдийг "амьд бамбай" болгож байж болзошгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэл Иракийн засгийн газрын хүчнийхний давшилтаас өөрсдийгөө хамгаалахын тулд Мосул хотын оршин суугчдыг “амьд бамбай” болгон ашиглаж байж болзошгүй гэж НҮБ мэдэгдлээ.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, босогчид ойролцоох хоёр тосгоны 550 орчим айл өрхийг Мосулд аваачжээ.
Мосулаас холгүй орших нэгэн тосгонд 40 орчим энгийн номхон иргэнийг “Лалын улс”-ынхан хөнөөсөн гэсэн мэдээлэл мөн тус байгууллагад ирсэн байна.
Иракийн арми болон Курдын хүчин Мосул хотыг чөлөөлөх томоохон ажиллагаа явуулж байгаа юм.
Иракийн цэргүүд Мосул орчмын зарим суурин газар, тосгоныг чөлөөлж, одоо тус хот руу давшсаар байна.
Мосулыг чөлөөлөх ажиллагаа явуулж байх зуур Иракийн хойд нутгийн Киркук хотын захиргааны байр болон дулааны цахилгаан станц руу “Лалын улс”-ын босогчид баасан гарагт халджээ. Халдлагын үеэр 30 хүн, тэдний дотор энгийн иргэд болон аюулаас хамгаалах хүчний цэргүүд амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.
Мосулыг чөлөөлөх ажиллагаа явуулж байгааг далимдуулан “Лалын улс” бусад хот сууринг эзлэхийн тулд террорист халдлага үйлдэх нь эрчимжиж болзошгүй гэж ажиглагчид түгшиж байна.
Г.Доржханд