СҮХБААТАР: Бүх төрийн байгууллага архив, албан хэргээ хос бичгээр хөтөлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-01-28 14:22:17

Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 123 төрийн байгууллага бий. Эдгээр байгууллага архив, албан хэргээ хос бичгээр хөтөлж эхэлсэн гэж аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс мэдэгдлээ.


Мөн нийт байгууллагын 80 хувь нь гадна хаягаа монгол бичгээр бичиж байршуулсан бол 75 хувь нь албан хэрэг хөтлөлтийн маягтаа шинээр хэвлүүлжээ.


Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албыг хос бичгээр хөтөлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн хувьд сүүлийн гурван жилд хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хийжээ. Энэ хүрээнд бүх багууллага гадна болон дотроо хос бичгээр хөтөлсөн стандарт хаягтай болж, бүх төрийн албан хаагч хос бичгээр хөтөлсөн нэрийн хуудсыг ашиглаж хэвшжээ. Мөн өнгөрсөн хугацаанд архив албан хэргийн хөтлөлтөө хос бичгээр гаргах туршилтыг маш сайн хийсэн нь үр дүнгээ өгч байгаа гэнэ.


Дээрх хугацаанд бэлтгэл ажлыг сайн хийсэн ч он гарснаас хойш илүү идэвхжиж байна. Мэдээж бүх ачаалал архив, бичиг хэргийн ажилтнуудад ирж байгаа учир алдаа дутагдал бий. Гэхдээ бид ЕБС, НТБТ-ийн багш нараас байнгын сургалт, зөвлөгөөг авч ажиллаж байгаа ч архив, бичиг хэргийн ажилтнуудаа илүү чадавхжуулах сургалтыг энэ сарын 29, 30-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогоор улсын хэмжээнд Өвөрмонголын хөрвүүлэгч программыг ашиглаж байгаа ч энэ нь бүрэн төгс үнэн, зөв гэж үзэхэд эргэлзээтэй байгаа. Тиймээс шинээр батлагдсан, Монгол Улсын дотоодынхоо үндэсний бичгийн алдаа шалгагч, хөрвүүлэгч программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нарангарав хэллээ. 

関連ニュース