Довтлогч Ж.Беллингемийг талбайгаас хөөсөн шүүгчийг шалгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 20 /РИА Новости/. Испанийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 24 дүгээр тойрогт учраа таарсан “Реал Мадрид”, “Осасуна” багуудын тоглолтын үеэр “Реал”-ын довтлогч Жуд Беллингемийг талбайгаас хөөх шийдвэр гаргасан шүүгч Луис Мунуэра Монтерог үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлжээ. Ийм шийдвэрийг УЕФА болон Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооноос /RFEF/ гаргасан байна.
Реалчууд 15-ны өдөр “Осасуна” багтай талбайд нь тоглож, 1:1 харьцаагаар тэнцжээ. Тоглолтын 39 дэх минутанд шүүгч Монтеро өөрийг нь доромжилсон гэж үзээд Беллингемийг улаан хуудсаар торгож, талбайгаас хөөсөн байна. Харин Беллингем англи хэлээр зохисгүй үг хэлснээ хүлээн зөвшөөрсөн боловч шүүгчид хандаж хэлээгүй гэдгээ дурдаад “энэ бол яах аргагүй шүүгчийн алдаа” гэв.
RFEF-ээс шүүгчийг шалгах явцад тэрбээр зөвлөгөө өгөх, спортын менежментийн үйлчилгээ эрхэлдэг компанийн эзэн гэдэг нь тодорхой болсон бөгөөд Ла Лига, УЕФА болон “Атлетико”, “МЮ”, “Астон Вилла”, “ПСЖ” зэрэг клубүүд тус компаниар үйлчлүүлж байжээ. Иймээс шалгалтын явцад шүүгчийг ажлаас нь түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин Монтеро Инстаграм хуудсандаа бичихдээ “миний эзэмшлийн компани спортын клубүүд, байгууллагуудтай санхүүгийн ямар ч холбоо харилцаа тогтоогүй, иймээс илт худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд өгч, нэр хүндээ сэргээнэ” гэжээ.
Шүүгчдийн зүгээс дур зоргоороо авирлаж, хавчин шахаж эсэргүүцэн “Реал Мадрид” баг Ла Лигээс гарч, бусад улсын лигүүдэд тоглох боломжийг судалж байгаа аж. Энэ үед Беллингемийг талбайгаас хөөсөн нь гал дээр тос нэмжээ. Шүүгчдийн алдааны улмаас аваргын төлөөх өрсөлдөөнд маш чухал оноонууд алдсан гэдгээ “Реал”-ын удирдлага хэдэнтээ мэдэгджээ.
Одоо 24 тойргийн дараах байдлаар мадридчууд 51 оноотойгоор тэмцээний хүснэгтийн
хоёрдугаарт бичигдэж, тэргүүлэгч “Барса”-гаас зөвхөн нэмэлт
үзүүлэлтээр хоцорч байна.