М.Андреева “WTA 1000” тэмцээний хамгийн залуу аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-02-23 09:42:27

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 23 /RIA Novosti/. Оросын теннисчин Мирра Андреева Дубай хотноо болсон “WTA 1000” тэмцээний финалд Данийн тамирчин Клара Таусоныг хожсоноор 3.6 сая гаруй ам.долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүллээ.   


Дэлхийн чансаанд 14 дүгээрт эрэмбэлэгддэг, өдгөө 17 настай М.Андреева  дэлхийн чансааны 38-д бичигддэг Данийн теннисчнийг 7:6 (7:1), 6:1-ээр хожжээ. Тоглолт 1 цаг 46 минут үргэлжилсэн байна.


Дубайн тэмцээний ганцаарчилсан төрөлд 20 нас хүрэхээсээ өмнө түрүүлж байсан цорын ганц теннисчин бол Испанийн тамирчин Рафаэль Надаль (2006 он) юм.


М.Андреева теннисчнийхээ замналд хоёр дахь удаагаа, "WTA 1000" тэмцээнд анх удаагаа түрүүллээ. Тэрбээр "WTA 1000" тэмцээнийг 2009 онд зохион байгуулж эхэлснээс хойш тус тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу (17 нас 299 хоног) теннисчин болж байна.


Эл тэмцээнд түрүүлснээр Оросын теннисчин 3720 оноотой болж, Эмэгтэйчүүдийн теннисний холбооны (WTA) чансааны эхний 10-т багтлаа. М.Андреева 2006 оны наймдугаар сарын 7-нд 17 нас 106 хоногтой байхдаа шилдэг 10-т багтаж байсан Чехийн теннисчин Николь Вайдисовагаас хойш чансааны эхний 10-т багтсан хамгийн залуу теннисчин болжээ.


М.Андреева мөн Дарья Касаткинаг ардаа орхиж, Оросын номер 1 теннисчин боллоо.



関連ニュース