СҮХБААТАР: С.Чулуунцэрэн удмынхаа гурав дахь улсын аварга малчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-02-26 11:20:40

Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын аварга малчин өрхөөр шагарсан Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин С.Чулуунцэрэн, түүний хань М.Энхзул нарт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар шагналыг нь гардууллаа. Ингэснээр С.Чулуунцэрэн удмынхаа гурав дахь аварга малчин боллоо.

 

Тэртээ 1989 онд С.Чулуунцэрэнгийн аав Сүхээ БНМАУ-ын аварга малчин болж байсан бол С.Алтансүх С.Чулуунцэрэн нарын ах дүү хоёулаа удам дагасан сайн малчин гэдгээ баталж, 2021, 2025 онд улсын аварга малчнаар шалгарч байна.


 

Өнгөрсөн жилийн мөсөн, шилэн зудыг өвс тэжээлээ сайтар базааж, хорогдол багатай давсан, гол нь малчны ухаан, уйгагүй ажиллагаа чухлыг тэд онцолж байв. Дөрвөн цагийн эргэлтэд өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол зүтгэж малынхаа ашиг шимээр амьдрал, аж ахуйгаа залгаж яваа аварга малчин төр засгаас малчдад зориулан авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр зөв чигт орж байна. Ийм дэлгэр сайхан цагийг үзтэл хүн малгүй зутарч, нойр хоолгүй зүдэрдэг, мал маллах амаргүй ч алгуурлаж, залхуурхаж болохгүйг С.Чулуунцэрэн хэлж байв.

 

Манай улсын мал аж ахуй бол эрчимжсэн болоод хагас эрчимжсэн аж ахуйгаас өөр. Усны тунгалаг, өвсний сорыг дагаж дөрвөн улирлын туршид бэлчээрээр идээшдэг. Тийм учраас боодолтой бүхэн өвс биш. Өвс бүхэн тэжээл биш. Намартаа сөл дагаж бэлчээхэд өвөлхаврын хатуу хариг цагийг давах тарга хүч, тамир тэнхээнд хамгийн чухлыг ч залуу малчдад захиад хэлж амжсан.

 

Мөнххаан сум таван багтай, нэг зуун мянга гаруй толгой малтай Сүхбаатар аймгийн томоохон сумдын нэг билээ.


 

Могой жилийн сар шинийн босгон дээр Сүхбаатар аймгаас улсын аварга малчин өрх тав, улсын хошой аварга малчин өрх хоёр шалгарсан юм.


関連ニュース