ХӨВСГӨЛ: Хүүхдийн спортын наадамд тэргүүлсэн баг тамирчдад хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Мөрөөдлийнхөө төлөө-Шударга өрсөлдье” уриан дор зохион байгуулсан Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадамд Хөвсгөл аймгийн баг тамирчид 61 багц медалийн эзэн болж багийн дүнгээр тэргүүлэн цомын эзэд болжээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар амжилт үзүүлсэн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийллээ.
Өвлийн спортын VIII наадамд спортын мастер Б.Орнобиш дасгалжуулагчтай шорт трейкийн баг 12 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.
Мөн тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Г.Батмагнай дасгалжуулагчтай гүйлтийн тэшүүрийн баг 7 алт, 10 мөнгө, 9 хүрэл медаль, багийн дүнгээр тэргүүлжээ.
Цагаан-Үүр сумын багш Б.Энхбаяр, Рэнчинлхүмбэ сумын багш Б.Лхагваа дасгалжуулагчтай цанын баг 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж 61 багц медалийн эзэн болж, өвлийн спортын төрлөөр цанын спортын мастер 1, цанын спортын дэд мастер 1, шорт трейкийн спортын дэд мастер 1 шинээр тодорсон байна.