ХОВД: Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-01 08:55:51

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сард цаг агаар ямар байх талаар урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Гуравдугаар сард агаарын температур олон жилийн дунджаар уулархаг нутгаар -6-14 градус, бусад нутгаар 0-6 градус хүйтэн байдаг. Харин сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар 0–4 мм байдаг.

Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй.

Тэгвэл урьдчилсан мэдээгээр энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Мөн хур тунадас алтайн өвөр говиор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, энэ сард нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 градусаар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим дулаан байна. Энэ сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга их байх магадлал ажиглагдаж байгаа тул иргэд холын замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээллийг тогтмол авч ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.


関連ニュース