ОРХОН: Авто замын засвар, шинэчлэлийн ажил энэ онд үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 130 км авто замтай. Үүний 76 хувийх нь эдэлгээний хугацаа буюу насжилт дууссан.
2024 онд орон нутгийн төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 байршилд 23.7 км авто замыг засварлаж, шинээр 9,4 км авто зам тавих, 5 байршилд 400 авто машины зогсоол байгуулахаар төлөвлөсөн. 24 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дууссан.
Энэ онд 25 байршилд авто
замын засвар, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийнэ. 2025 онд хийх авто замын
засвар, шинэчлэлтийн ажилд Орон нутгийн хөгжлийн сангаас 20 гаруй тэрбум
төгрөгийг төсөвлөсөн. Тухайлбал, Дэнжийн 3,5 км авто зам, Чингэл баг Ёс заншлын
өргөө хүртэлх авто зам, БОЭТ-ийн дотор талбай, 2а, 7 хорооллын доторх авто зам,
Дэнж баг “ББ” хотхоны авто зам, орон сууцны байран дундах авто машины 5
зогсоол, Барилгачдын талбайн уулзвар, Татварын газрыг тойрсон авто зам,
Гендрекцийн урд талын авто машины зогсоол гэх мэт ажлууд байна.