ОРХОН: ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын дэд дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян бие бүрэлдэхүүний хамтаар Орхон аймагт ажиллалаа.
Тэрбээр аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох гамшгийг тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх чиглэлээр 11 нарийвчилсан үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал, Хүүхэд багачуудад зориулсан “аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулж бүх шатны боловсролын байгууллагуудад хэрэгжүүлэх, хувийн хэвшил, ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх, гамшиг эрсдэлийн төлөвлөлтийг тооцоолж хот төлөвлөлтийг хийх, болзошгүй гал түймрийн аюул болон үер ус, шар усны эрсдэлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авах зэрэг үүрэг өгсөн юм.
Уулзалтын үеэр аймгийн ОБГ-ын дарга хурандаа Ш.Баасандорж аймгийн Онцгой комисс болон гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны товч мэдээллийг хийлээ. Аймгийн Онцгой комиссын гишүүдтэй хийх уулзалтын үеэр гамшгаас хамгаалах ажилд тодорхой хөрөнгө оруулалт тавьж эрсдэлийн эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг хангаж буйд удирдлагуудад талархал илэрхийллээ.
Мөн уулзалтын дараа Уурхайчин цогцолборт Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчидтайгаа уулзалт хийж, цаг үеийн мэдээлэл хүргэж зарим ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдыг төрийн дээд одон медаль, цол зэрэг шагналаар шагнаж урамшууллаа.