ОРХОН: Засаг дарга Б.Зоригтбаяр нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-10 16:27:25

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын нэг жилийн бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүн, ирэх онд тохиох Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажлын талаар аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй уулзалт хийж, мэдээлэл өглөө.


Тэрбээр "Энэ онд бид орон нутгийн төсвийн 28,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийлээ. Хамгийн эрсдэл ихтэй дулааны 5.8 км, цэвэр усны 6.36 км, ариутгах татуургын 0.596 метр нийт 12 км, 756 м шугамыг шинэчлээд байна. Энэ нь ашиглалтын хугацаа дууссан шинэчлэх шаардлагатай 163 км шугам сүлжээний 8 хувь юм. Ингэснээр орон сууцны хорооллын 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирч, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдах нөхцөл бүрдсэн. Энэхүү ажлыг хийхийн тулд иргэдээ нэлээдгүй бухимдуулсан. Хүлээцтэй хандсан иргэддээ талархаж байгаагаа хэлмээр байна" гэв.


Мөн олон жил болсон гэрлүүдийн тусгал нь муудах, цахилгааны шугам хуучирч элэгдэх гээд засвар үйлчилгээний зардал их гардаг байсан. Энэ онд гэрэлтүүлгээ бүрэн шинэчилж хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ирэх жил тохиох 50 жилийн ойгоо угтаж тохижилт үйлчилгээгээ сайжруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу орон нутгийн төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон байршилд 380 гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчлэн ирэх жил ч гэсэн гэрэлтүүлгийн ажил үргэлжилнэ. 


Эрдэнэт хотын хэмжээнд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, алслагдсан гэр хорооллын айл өрхөд очиж байгаа хүчдэлийн уналтыг сайжруулах зорилгоор цахилгаан дамжуулах агаарын шугамаа өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага байсан бөгөөд 2025 оны орон нутгийн төсвөөс 40 орчим тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчийг сайжруулахад зарцуулж нийт 70 гаруй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. 


Орон нутаг бие даан 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 35/10 кВ-ын "Даваат" дэд станцыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа тухай мэдээллээ.



Сэтгүүлчид уулзалтын үеэр иргэдийн анхаарлын төвд байгаа орон сууцны хүртээмж, хот төлөвлөлт, газрын ашиглалт, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг асуудлаар асуулт асууж, Засаг дарга хариулт өгсөн юм.


Засаг даргын хэлснээр ирэх онд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хотоо илүү ухаалаг, ая тухтай орчин болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



関連ニュース