ОРХОН: Тооллогыг бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-07 15:16:54

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Статистикийн хэлтсээс “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025” явуулж буйтай холбогдуулан төрийн байгууллагуудыг хамруулан үе шаттай мэдээлэл сургалт хийж байна.


Энэ удаа Орхон аймгийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн захирал, менежерүүдийг хамруулан сургалт зохион байгууллаа. 


Энэ удаагийн ХАОСЗТ-ыг холбогдох хууль болон зарчим, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.


Орхон аймаг нийт давхардсан тоогоор 106 000 гаруй хүн амтай бөгөөд энэ 2025 онд насанд хүрсэн 1597 хүн, 1368 хүүхэд бусад орон нутгаас шилжин ирээд байгаа юм. 


Монгол Улсын хүн амын нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааг гаргадаг энэхүү тооллогын хүрээнд төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг бусад үзүүлэлтийг бүрдүүлдэг. 


Үндэсний Статистикийн хорооноос тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдох юм.




関連ニュース