ХОВД: Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-06 20:13:04

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Эрүүл мэндийн газрын дарга Б.Сүхнаран нар Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай гурвалсан гэрээ байгуулжээ. 


Талууд энэ сарын 4-нд  2025 оны гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурсан тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  


Аймгийн хэмжээнд зургаан Өрхийн эрүүл мэндийн төв бий.  


Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд, Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ гэж заасан байдаг. 


Дээрх гэрээний дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь харьяалах нутаг дэвсгэрийн өрх бүрд анхан шатны цогц тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэх үүрэгтэй. 


Гэрээний биелэлтэд аймгийн Эрүүл мэндийн газраас хяналт тавьж, зөвлөх ба гэрээг хагас жилд нэг удаа дүгнэх юм. 


Энэ онд Ховд аймагт өрхийн эмнэлэг үүсэн хөгжсөний түүхт 25 жилийн ой тохиож байгаа. Иймээс ойг угтсан олон бүтээлч ажлыг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.   


関連ニュース