Жү Вэнжүн гурав дахь өрөгт оноог тэнцүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /championat/. Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх тоглолтын гурав дахь өрөг ням гарагт буюу өчигдөр болж, дэлхийн 17 дахь аварга Жү Вэнжүн аварга цол горилж буй нутаг нэгт өрсөлдөгч Тан Жүниг хожсоноор оноогоо /1.5:1.5/ тэнцүүлжээ.
Өнгөрсөн баасан гарагт болсон хоёр дахь өргийн тоглолтод Тан Жүни хожсон юм. Гурав дахь өргийн тоглолтод Жү Вэнжүн цагаанаар, Тан Жүни хараар нүүсэн байна. 60 дахь нүүдэл дээр Тан Жүни алдаа гаргаж, 27 нүүдэл үргэлжлүүлэн тоглосны эцэст хожигдлоо хүлээн зөвшөөрсөн байна.
Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтыг Хятадын хоёр хотод зохион байгуулж байгаа юм. Тоглолт сонгодог шатрын дүрмээр 12 өрөг үргэлжлэх ба тэнцсэн тохиолдолд түргэн тоглолтоор дөрвөн өрөг тоглоно. Түргэн тоглолтод тэнцвэл блиц тоглолтоор аваргыг тодруулна. Эхний зургаан өргийн тоглолт /дөрөвдүгээр сарын 1-10/ Шанхай хотод, үлдсэн тоглолт Чүнцин хотод /дөрөвдүгээр сарын 11-23/ болно.
Өдгөө 34 настай Жү Вэнжүн 2018 оноос хойш аваргын титмийг эзэмшиж байгаа бол 33 настай Тан Жүни 2017 онд дэлхийн аварга болж байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн онд аваргын цол горилогчдын тэмцээнд түрүүлжээ.