Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-21 10:50:19

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг улам бататгах талаар ярилцлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын харилцааны түвшнийг ахиулж, хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэлийг түүчээлэхээр томилогдсон Башак Гэнч Юксэлд баяр хүргэж, амжилт хүслээ.


Элчин сайд Башак Гэнч Юксэл Гадаад хэргийн яамандаа 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооны чиглэлээр мэргэшсэн. Тэрбээр Пакистан, Европын Холбоо, Словак, Оросын Холбооны Улсад ажиллаж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, Иж бүрэн түншлэлийн харилцааг  шат ахиулан Стратегийн түншлэлд хүргэсэн юм.


Манай хоёр улс 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд  Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.



関連ニュース