Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дөрвөн асуудал хэлэлцэв.
Бүлгийн хуралдаанаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татахаар
боллоо. Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах
худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох
байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол
Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд
бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах,
мөн Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас уг хэлэлцээрийг
сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэсэн аж.
Мөн төсвийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах
чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын
дэд дарга Х.Булгантуяа Төсвийн цаглабарын талаарх судалгаа дүгнэлт, саналыг
бүлгийн гишүүдэд танилцууллаа.