СҮХБААТАР: "Тэрбум мод" хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэлээр туршлага судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн байгаль орчны мэргэжилтнүүд Хэнтий, Багануур, Налайх, Улаанбаатар хотын тодорхой газруудаас туршлага судалж байна.
Туршлага судлах багт аймгийн БОГ-ын мэргэжилтэн, сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн анги, МБС-ийн ойжуулалт хариуцсан багш зэрэг 17 хүн багтжээ. Тэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сум дундын ойн анги, дүүргүүдийн ойн анги, мод үржүүлгийн газар, эко ариун цэврийн байгууламжийн үйлдвэр, Монголын жорлонгийн болон Монголын байгаль хамгаалагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаатай танилцаж яваа юм.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая мод тарьж ургуулах үүрэг хүлээсэн. 2021-2024 онд бэлтгэл буюу нэгдүгээр үед 660 мянган мод тарихаар төлөвлөсөн ч энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 812183 мод тарьжээ. Модны ургалт 80 хувьтай, ойгоор бүрхэгдсэн талбай 155 га-гаар нэмэгджээ.
Аймаг, дүүргүүдийн мод үржүүлгийн газрын менежмент, төв суурин газрын
ногоон байгууламж ойжуулалт, агро ойн аж ахуй, иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажил, урамшууллын систем болон тогтвортой
байх зөв төлөвлөлтийг судалж,
орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хамтын ажиллагаанд талуудын
оролцоог идэвхжүүлэх зэрэг сайн
туршлагыг судалж улмаар орон нутагтаа хэрэгжүүлэх нь энэ ажлын гол зорилго
юм.